БҮРГЭД КОНСТРАКШН танилцуулга
“Бүргэд Констракшн” компани нь барилга угсралт, барилгын материалын худалдааны үйл ажиллагаа явуулдаг компани юм. Бид үүсгэн байгуулагдсан 1999 оноос хойш тасралтгүй өөрийн эзэмшлийн барилгын захаараа дамжуулан барилгын бүх төрлийн үндсэн материалыг Монголын зах зээлд нийлүүлж байна. Манай компани нь 150 гаруй мэргэшсэн ажилтан, ажилчидын хөдөлмөрийн үр дүнд барилгын материалын худалдаа, хангамж болон барилга угсралтын салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, барилгын салбарын тэргүүлэгч компанийн нэг болсон билээ.
 
Барилгын материалын худалдааны үйл ажиллагааны хүрээнд тус компани нь ОХУ-ын “Мечел”, БНХАУ-ын  “Golden sunshine”, “Hebei Iron Steel Group” зэрэг төмөрлөгийн үйлдвэрлэгч компаниудын Монгол дахь албан есны дистрибьютор, борлуулагч болж төмөр бэлдмэл/арматур, катанка/ болон бусад барилгын материалуудыг импортлон оруулан ирж дотоодын харилцагч байгууллагууд болон жижиглэнгийн борлуулагч, хувь хүмүүст нийлүүлдэг болно. Манай компани нь Монголын барилгын салбарын томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд “Гангар инвест” компаний “Ногоон төгөл”,“UB CentralResidence”, “Номин Констракшн Девелопмент групп” компаний “River Garden” “Time Square”, “Тэргүүн Чансаа” компаний “Premium hotel”  “Жигүүр Гранд” компаний “Гэгээнтэн”, “Люкс Хаус” компаний “Lux house 1-2”зэрэгшилдэг төслүүдэд манай компаний арматурыг ашигласан болно.
 
Манай компани нь Монголын барилгын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2011 оноос барилга угсралтын үйл ажиллагааг явуулж байна. Бид барилга угсралтын ажлын хүрээнд 2012 онд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд 160 хүүхдийн “Ромашка” дунд сургуулийн барилга, 2012-2013 онд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд 1 давхартаа үйлчилгээний талбайтай 13 давхар тус бүр нь 96 айлын 2 блок бүхий орон сууцны хотхон, 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 давхар 273 айлын “Шинэ мөрөөдөл-2” хотхон, 2016 оны 9 сард Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний талбай бүхий 114 айлын “Өндөр хөтөл” хотхоны барилгуудыг ашиглалтанд оруулсан болно.
 
Манай компанийн ашиглалтад оруулсан “Өндөр хөтөл” орон сууц нь 2016 оны 10 сард ашиглалтанд бүрэн орсон, төвийн халаалт, цэвэр бохир ус, цахилгаанд холбогдсон, өөрийн эзэмшлийн ХТП-ээс цахилгааны эх үүсвэрээ авдаг, дулаан барих систем болон нөөцийн усны сав суурилуулсан,орцондоо 2 лифттэй, зоорийн давхартаа 25 дулаан гаражтай, гадна 40 гаруй ил зогсоолтой, 1 давхартаа үйлчилгээний 4 талбайтай, хүүхдийн тоглоомын болон амарч суух талбайтай, сургууль, цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг, хүнсний дэлгүүр, банктай ойр байрласан, бүх цонх нь наран талдаа, орц гарц нь тохиромжтой, тохилог, дулаан, дуу чимээ багатай, эргэн тойрондоо цементэн хашаа бүхий орон сууцны хотхон юм. Энэхүү орон сууцны цогцолборын барилгын иж бүрэн зургийг “Гендай инженеринг” ХХК компаниар хийлгэсэн бөгөөд барилга угсралт, засал, инженерийн шугам сүлжээ болон бусад ажлуудыг өндөр туршлага бүхий мэргэжлийн баг, компаниудаар гүйцэтгүүлсэн болно. Энэхүү орон сууц нь 31,1 болон 32,5 мкв бүхий 1 өрөө, 40,2 мкв, 40,8 мкв, 44,3 мкв бүхий 2 өрөөнүүдийн сонголттой, дундаж давхарга болон залуу гэр бүлд нэн тохиромжтой орон сууц юм.
 
Манай компани нь “Aquaterm” компанийн Польш, Италийн сантехник материал, Герман улсын “Grundfoss” компанийн цэвэр усны болон халаалтын насос, Финлянд улсын “Tikkurila” компанийн гадна болон дотор эмульс, будаг, БНСУ-ын “Handok” компанийн лифт, ОХУ-ын ган хоолой, обой, “Megawood” компанийн дотор хаалга, БНСУ болон БНХАУ-ын өндөр чанартай барилгын материалуудыг хамтран ажилладаг байгууллагуудаас бараа солилцоо /орон сууцны бартер/-ын нөхцөлөөр худалдан авч өөрийн барилгад ашигласан юм. Орон сууц захиалагчидаас манай хотхоны чанар, үзэмж, засал, орчин байдалд сэтгэл ханамжтай байдгийг энд дурдахад таатай байна.
 
Бид өмнөх туршлагаасаа суралцан орон сууцны дотор халаалтын ган хоолой нь өндөр даралтаас шалтгаалан гулзайн, ус гойжих асуудал үүсч байсныг орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн өндөр даралт даах чадвар бүхий PPR хуванцар хоолойг ашигласан болно. Бид “Өндөр хөтөл” хотхоны орон сууцыг  1 мкв-ыг нь 1,450,000-1,580,000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд нийт 2739 м2 талбайтай, 69 айлын орон сууц, 224 м2 талбайтай 4 үйлчилгээний талбай үлдсэн бөгөөд захиалагчид нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж, орон сууцандаа орох бүрэн боломжтой болно.