Хувийн мөрдлөг хийхээр зэхэж буй олон компани, хүн бий
Гэрээт харуул хамгаалалтын хууль эрх зүйн орчныг цаг үе, өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй болжээ. Энэ талаар Хамгаалалтын байгууллагуудын холбооны гүйцэтгэх захирал, “Бүргэд хамгаалалт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Цэрэнтэй ярилцлаа.
-Гэрээт харуул хамгаалалтын олон байгууллага өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Тэднийг нэгтгэсэн холбоо ч цөөнгүй байдаг бололтой юм?
-Бие хамгаалагчдын холбоо, Гэрээт харуул хамгаалалтын холбоо, Хамгаалалтын байгууллагуудын холбоо гэх зэрэг олон холбоо үйл ажиллагаа явуулж байна. Холбоод гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө явах ёстой атал өөр зорилго чиглэлтэй нь ч бий. Хамгаалалтын байгууллагуудын холбоо 2004 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж, гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг нь сонсох зэргээр ажилласаар 10 жил болж байна. Энэ холбоог үүсгэн байгуулагчдын нэг нь манай “Бүргэд” гэрээт харуул хамгаалалтын компани юм. Бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг сонсох үүднээс өнгөрсөн онд л гэхэд хамгаалалтын байгууллагуудын удирдлагатай 2-3 удаа уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр тулгамдаж буй асуудлуудынхаа талаар нэлээд нухацтай ярилцсан. Хувийн хамгаалалтын байгууллага байгуулагдсанаас хойш 18 жил бол болж байна. Энэ хугацаанд гэрээт харуул хамгаалалтын байгууллагууд нэлээд туршлага хуримтлуулсан. Би өөрөө “Бүргэд” хамгаалалтын компанийг 2001 онд байгуулан ажиллаж байна.
Хамгаалалтаас өөр ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн энэ чиглэлээр дагнан ажилладаг. Өөрийнхөө компанийн туршлага дээр ярихад янз бүрийн бэрхшээл тулгарч л байсан. Одоо харьцангуй гайгүй болж, цагдаагийн байгууллагатай аль болох учир зүйгээ ололцоод явж байна. Өнөөдөр хамгаалалтын компаниудад ашиг гэхээр зүйл тун бага. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй л явж байгаа. Хамгаалалтын компанид ажиллаж буй залуусын нэлээд нь нэгээс нөгөөд дамждаг. Өөрийнхөө компаниар жишээ авахад ажилд орохоор ирж буй залуусын 60-70 хувь нь өөр компаниас ирдэг. Яагаад ирснийг нь асуухад “Цалингаа өгөхгүй, өдөр шөнөгүй ажиллуулдаг” гэж ярьдаг. Энэ нь хамгаалалтын компаниудын буруу биш. Гэрээт байгууллага нь мөнгөө өгөхгүйгээс ихэвчлэн ийм байдалд хүрдэг.
-Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль хэрэгжээд олон жил боллоо. Өөрчл өлт оруулах цаг нь болсон гэж зарим хуульч, хамгаалалтын компанийн захиралтай уулзахад хэлж байсан. Та ямар бодолтой байна вэ?
-Хамгаалалтын маш олон байгууллага өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Зах зээлийн жам ёсоор чадалтай, чадвартай, менежмент сайтай нь үлдэх нь лавтай. Гэхдээ зах зээлийн жам ёс гээд хүлээж суух биш, арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Үүнийг Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, өгч буй тусгай зөвшөөрөл хэмээх цагдаагийн байгууллагын бүртгэлийг боловсронгуй болгохоос эхлээд цаг үетэйгээ уялдуулан шинэчлэх, сайжруулах асуудал цөөнгүй. Өнөөдөр гэрээт харуул хамгаалалтын компанид тусгай зөвшөөрөл гэж олгодоггүй. Зөвхөн цагдаагийн байгууллага л бүртгэж авдаг хууль үйлчилдэг. Хуульд орон нутгийн цагдаагийн байгууллага бүртгэж, хяналт тавьж, сургалт явуулна гэсэн л заалт бий. Гэрээт харуул хамгаалалтын компанийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүйн яамнаас нь олгодог байхаар хуульчилбал зүгээр байгаа юм.
-Одоогийн мөрдөж буй хуульд зарим нэг шалгуур дурдсан байдаг. Энэ шалгуур өнөөгийн нөхцөл, цаг үетэйгээ нийцэж байна уу?
-Эрүүл мэнд, бие бялдрын хөгжил сайтай, ухаан санаа эрүүл, 20-иос дээш насны хүн ажиллаж болно гэж хуульд заасан. Тэгэхээр энэ заалтаас харахад 80 настай ч хүн хамгаалалтын албанд ажиллаж болохоор байгаа. Гэтэл өнөөдөр 20 настай залуу ямар боловсролтой байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Насны эхлэл болон дээд хязгаарыг зааж өгөхгүй бол болохгүй нь. 170 см-ээс дээш өндөртэй залуусыг хамгаалагчаар ажилд авах тухай зар зурагтаар гарч байдаг. Монголчуудын дундаж өндөр хэд билээ. Хамгаалагчаар ажиллах хүний өндрийг хуульд нарийвчлан заагаагүй л дээ. Тиймээс хамгаалалтын байгууллагын удирдлагууд биечилсэн хамгаалалтын тухай асуудлыг нэлээд ярих болсон. Хүний тоо, ур чадвар, тоног төхөөрөмж зэргээс шалтгаалж хамгаалалтын компанид “А”, “В”, “С” гэсэн гурван зэрэглэл тогтоохоор ярилцаж байгаа. Жишээлбэл, таваас дээш жил үйл ажиллагаа явуулсан, хэчнээн тооны машинтай, дохиоллын ямар систем ашигладаг, бэлэн байдал, шуурхай бүлэгтэй, хүний нөөцийн чадвартай, тогтсон ажлын байртай компани “А” зэрэгт орно гэдэг ч юм уу, стандарт тогтоох нь зүйтэй гэж ярьдаг.
-Гэрээт харуул хамгаалалтын байгууллагад мөрдөх стандарт байдаг уу?
-Гадуур бороохой, буу, шийдэмтэйгээ явж байна, хувцсаа ингэж өмсөж байна гээд янз бүрийн хэл ам гардаг байсан нь үнэн. Одоо энэ байдал гайгүй болсон. Гэхдээ хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамгаалалтын байгууллагуудын стандартыг оруулах хэрэгтэй байна. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд дохиолол гэсэн үг бий. Гэтэл дохиоллын систем өнөөдөр техникийн хөгжлөө дагаад маш өндөр болсон. Дохиоллын систем ийм боловсронгуй болж байгаа тул манай Хамгаалалтын байгууллагуудын холбоо хуралдаад дохиоллын стандарт бий болгож, батлуулах арга хэмжээ авсан. Стандарт хэмжилзүйн 17 түр хороо байдаг юм билээ. Түүгээр батлуулж, үйл ажиллагаандаа ашиглаж байна. Ингэснээр ийм тоног төхөөрөмж, ийм галын болон, хөдөлгөөн мэдрэгчийг ийм зайтай суурилуулна, аль улс орныхыг хэрэглэх гээд нэгдсэн стандарттай болсон. Үүнийг л дагаж мөрдөх ёстой. Манай компани гэхэд маш олон объектод дохиоллын систем суурилуулан хамгаалж байгаа. Тэгэхээр дохиоллын стандарттай болох асуудал яригдахаас өөр аргагүй байсан юм. Дохиоллын тоног төхөөрөмжийг манайхан ихэвчлэн БНХАУ-аас авчирч байгаа. Харин хяналтын панелийг Израилиас авдаг. Тус улсад хамгаалалт, дохиоллын техник технологи өндөр хөгжсөн. Манайхны ашиглаж буй дохиоллын панелууд Израилийнх. Гэхдээ хоорондоо өгөгдөлүүд нь давхцахгүй, нууц кодтой байдаг юм. Манай үйлчлүүлэгч компани биднээс татгалзаад өөр компанитай гэрээ хийсэн тохиолдолд тухайн хамгаалалтын компани нь бидний хамгаалалтын дохиоллыг эвдэж чадахгүй. Биднээс заавал код авч салгуулах ёстой болдог. Бид нууц кодоо өгөхгүй, харин манай инженер очиж, программаа устгасны дараа нөгөө компани өөрийнхөө программыг оруулах ёстой.
-Гэрээт харуул хамгаалалтын байгууллагууд стандарттай байх ёстой биз дээ?
-Гэрээт харуул хамгаалалт буюу биечилсэн, хамгаалалтын стандарт гаргахаар бид боловсруулж, хамгаалалтын компаниудаасаа санал авч байгаа. Хэчнээн хүн, хэдэн машинтай, ямар тусгай хэрэгсэлтэй байх вэ зэргийг тусгаж өгөх юм. Нэг хүн хэчнээн ам метр талбайг хэдэн цаг харах ёстой талаар ч стандартад тусгаж өгөхөөр болсон. Хамгаалалтын компанийн хүчин чадлыг ч тусгаж байгаа. Тухайн компани өөрийгөө санхүүжүүлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах, эрсдэлийн сан байгуулах зэргийг ч тусгаж өгнө. Ер нь хувийн хамгаалалтын байгууллага дүүргийн Цагдаагийн хэлтэс шиг ажилладаг. Дэг журам сахиулах, аюулгүй байдлыг хангах зорилгоороо цагдаагийн байгууллагатай ижил. Гэтэл өнөөдөр ганцхан хүнтэй ч хамгаалалтын компани байж л байна. Тэгэхээр бүх стандартыг нь тогтоогоод түүнийхээ дагуу, дүрэм журамд захирагдаж ажиллах ёстой. Ийм арга хэмжээ авахгүй бол өнөөдөр хэн дуртай нь хамгаалалтын алба байгуулах боллоо. Сайн сайн компаниуд бий л дээ.
-Та түрүүнд биечилсэн хамгаалалт гэж ярьсан. Хувийн хамгаалалтын хууль яагаад хэрэгжихгүй байна вэ?
-Хувийн хамгаалалтын тухай хууль 2001 онд батлагдсан ч их бүрхэг заалттай. Хууль батлагдсан боловч дагаж мөрдөх журам, заавар нь гараагүй. Гол нь ашиглах тусгай хэрэгсэл, зэвсгээс болоод гацсан. Хүн бүхэн буутай болох гээд байна, хүн бүр мөрдлөг явуулах гээд байна гэсэн маргаанаас үүдэлтэй. Хэрэв дагаж мөрдөх журам заавар нь гарсан бол энэ олон хамгаалалтын компани бүгд хувийн мөрдлөг рүү орно. Орохоор бэлдээд сууж буй компанийнхан ч бий.
-Долдугаар сарын 1-ний гэх хэрэг явдлын дараа УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хамгаалалтын компаниудад ашиглаж буй галт зэвсгийг шалгаж байсан. Та цагдаагийн алба хаагч байсан хүний хувьд энэ хэрэг явдлыг юу гэж дүгнэдэг вэ?
-Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр манай хүчний байгууллагынхан бүсчилсэн хамгаалалт хийж чадаагүй. Үймээн самуун дэгдэх гэж байгааг харж, мэдэж байсан шүү дээ. Ийм үед хамгийн түрүүнд бүсчилсэн хамгаалалт хийх ёстой байсан. Ямар ч машин техник, хүн оруулахгүй хамгаалсан байхад дотор нь буй хүмүүсийг тараачихаж болох байсан гэж боддог. Тэр үед цагдаагийн байгууллагынхан хувийн хамгаалалтын байгууллагуудыг хүч нэмэгдүүлж дуудахгүй юм болов уу гэж бодогдож байсан. Цагдаа, хувийн хамгаалалтын байгууллага нэг зорилготой гэж би дээр хэлсэн. Бид бамбай, бороохой бариад дайрч орохгүй нь ойлгомжтой. Энгийн хувцастай ороод ямар нэг хэмжээгээр зохицуулах арга хэмжээ авах л байсан. Бид тухайн үед дипломат байгууллагуудыг хамгаалдаг байсан. Тэр эмх замбараагүй байдлын үеэр хамгийн түрүүнд дипломат байгууллагуудынхаа хамгаалалтад хүч нэмэгдүүлсэн.
Г.ЦОЛМОН